Монголын маркетингийн холбооноос “Smart marketing” хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан (2019.10.11). Зайсан Хиллд болсон тус хуралд 500 орчим хүн оролцсон юм. Тав дахь жилдээ болсон хурлын сэдэв “Бүтээлч үйлдвэрлэл” байв. “Spot” компанийн захирал Э.Болор-Эрдэнэтэй хурлын дараа ярилцсан юм.
-Энэ хуралд хэд жилдээ оролцов?
-Анх удаа оролцлоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Маркетинг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 500 гаруй оролцогчид оролцож байгаа гэдгийг сонсоод их баярласан. Жилээс жилд маркетерууд, бүтээлч салбарт ажиллагсдын үнэ цэнэ нэмэгдэж, компанийн удирдлагууд маркетинг, брэндингдээ илүү ач холбогдол өгдөг болж байгааг харах сайхан байна.
-Энэ хурлаас ямар хүлээлттэй байсан бэ?
-Энэ жил Creativity & Creative strategy чиглэлээр зохион байгуулагдаж, Монголын маркетеруудад Havas, Kantar, McCann зэрэг дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын туршлагаас суралцах боломжийг Монголын Маркетингийн Холбоо олгосонд их олзуурхсан. Манай залуус гаднын жишээнээс суралцах, нэг нэгнээсээ суралцах, хамтдаа өсөн дэвжих боломжийг олгодог, сайхан арга хэмжээ юм.
-Манай маркетеруудад бүтээлч сэтгэлгээ дутагдаж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй байна. Бид өөрсдийгөө дутуу үнэлж юм болгоныг гадныхнаар хийлгээд байвал хэзээ ч хөгжихгүй. Залуу үе, үр хойчдоо үлдээх үнэ цэнэ гэж байхгүй болно. Харин эсрэгээсээ бид бусад улс орнуудаас, олон улсын шилдэг агентлагуудаас суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, хамтдаа хөгжих нь чухал.
Азийн хамгийн том маркетинг, бүтээлч салбарын наадам болох Spikes Asia Festival of Creativity арга хэмжээний үеэр болдог Азийн 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд зохион байгуулагддаг Young Spikes тэмцээнд Viral Agency компанийн залуус түрүүлсэн. Энэ нь манайхан бүтээлч сэтгэлгээгээрээ гадныхнаас дутахгүйг харуулсан.
-Нийгмийн асуудлыг хөндөн, үр дүнд хүрсэн, гаднын бодит жишээнүүдийг түрүүнн танилцууллаа. Манайд ийм жишээ байдаг уу?
-Байлгүй яах вэ. Маш олон бий. Манай агентлаг гэхэд л 2015 онд 25-р суваг ТВ-ээс хэрэгжүүлсэн 1000₮ төслийн сайн үйлсийн аяны маркетинг сурталчилгаан дээр ажилласан. Одоо ч эмнэлгийн байрандаа орж чадаагүй байгаа Түлэнхийн төвд хамгийн хэрэгцээтэй төхөөрөмж болох арьс зүсэгч лазер аппарат, арьс хадгалах хөргөгчийг авах зорилготой аян амжилттай хэрэгжсэн. Орон даяар давлагаа бий болж, хувь хүн албан байгууллагууд дэмжин долоо хоногийн дотор 160 гаруй сая төгрөгийн хандив цугласан.
Томоохон компаниуд энэ чиглэлээр маш олон ажилхийдэг. Жишээлбэл Мобиком корпораци 2014 он “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгмийн таван өөр асуудлыг дэвшүүлэн, хэрэглэгчдийнхээ саналаар хамгийн чухал асуудлыг нь сонгосон. Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдардаг хүүхдүүдэд тав тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлэх санхүүжилтийг хийсэн юм.
Монголын маркетингийн холбооны нэг зорилго нь нийгмийн маркетингийг хөгжүүлэх. Иймд энэ чиглэлийн ажлыг ирээдүйд илүү олон хийж, бодит үр дүнд хүрч, олон улсын маркетинг, бүтээлч салбарын наадмуудад нэрээ дуурсгана гэдэгт итгэлтэй байна.
-Өнөөдрийн хурлаас танд ямар мэдээлэл, туршлага илүү сонирхолтой, ажилдаа шууд хэрэгжүүлж болохоор санагдав?
-Сурталчилгаа бол маркетинг биш гэдгийг хуралд оролцогчид бүгд хэлж байна. Бизнесүүд, брэндүүд цаашид тогтвортой өсөлтөө хангахын тулд Experience, Exposure, Activation гэсэн, өөр хоорондоо холбоотой маркетингийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлбэл үр дүн нь асар том болох талаар дурдлаа. Брэндүүдийн ердөө 4 хувь нь дээрх үйл ажиллагааг бүгдийг нь хамтад нь хэрэгжүүлдэг гэж байна. Эдгээрийг хүчирхэг, бүтээлч санаагүйгээр хэрэгжүүлэх нь улам хэцүү болно гэдгийг сонсоод том сорилт ирэх нь гэж бодлоо.
-Дэлхийн томоохон брэндүүд, салбарын төлөөллүүд үргэлж хэлдэг зүйл бол хэрэглэгч таны юу зарж байгааг биш харин яах гэж хийж байгааг худалдан авдаг гэдэг. Өөрөөр хэлбэл брэндийн оршин тогтнож байгаа зорилго хамгийн чухал.
-Өнөөдрийн илтгэгчид ч энэ талаар дахин дахин санууллаа. BSP компанийн Г.Баярхүү захирлын танилцуулсан Каннын шилдэг жишээнүүд дунд Nike брэндийн хамгийн том шуугиан дэгдээсэн компанит ажил энэ брэндийн зорилгыг бүрэн илэрхийлсэн жишээ байлаа.
-Танай агентлаг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бид 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Спот агентлаг Монгол залуус дэлхийн жишигт нийцсэн агентлагийг бий болгож, Монгол залуусын бүтээлч сэтгэлгээг олон улсад экспортлох зорилготой. Иймд Full Service agency буюу бүх үйлчилгээг багтаан, маркетинг, брэндинг, реклам сурталчилгаа, график дизайн, PR, дижитал маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн хурлаар бид хийсэн ажлаа танилцуулж, танилцуулгуудаа мэргэжил нэгт маркетерууддаа хүргэлээ. Мөн цахим хуудсаа шинэчилснийг дуулгахад таатай байна.
-Зарим агентлаг эрч хүчийн ундаа, согтууруулах ундаа хэзээ ч сурталчлахгүй зэргээр ёс зүйн кодтой, түүнийгээ ил тод зарладаг. Манайд ийм сайн жишиг бүхий агентлаг бий юу?
-Маркетингийн агентлагууд сүүлийн 4-5 жилд хөгжиж байна. Зөвхөн агентлаг гэлтгүй маркетерүүд, бизнесүүд 2002 онд батлагдсан Зар сурталчилгааны хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хууль зар сурталчилгааны хэм хэмжээг хууль эрх зүйн хүрээнд тодорхойлсон. Ирээдүйд агентлагууд өөрсдийн гэсэн имидж ялгарлыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
-Танд баярлалаа.